Skip to content

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2023

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2023

Хуралд оролцогч эрхэм хүндэт мэргэжил нэгт эмч мэргэжилтнүүдээ!

Та бүхэн 21 дэх удаагийн Зүрх Судасны Үндэсний Конференцэд тавтай морилно уу!

Зүрх Судасны Үндэсний Конференцийн (ЗСҮК) зохион байгуулах багийн хамт олон, Зүрх Судасны Үндэсний Төв, Монголын Зүрх Судасны Эмч нарын Нийгэмлэгийн гишүүдийн нэрийн өмнөөс талархал дэвшүүлэн мэндчилж байна.

Конференцийн зохион байгуулах баг нь хуралд оролцогч эмч мэргэжилтнүүддээ шинэ соргог мэдээлэл, мэдлэг хүргэхийг зорин ажилладаг билээ. Энэ зорилтын дагуу “Зүрх Судасны Үндэсний Конференц 2023” нь үндсэн хурлын 7, зэргэлдээ хурлын 6 хэсгээс бүрдэх артерийн гипертензи, титэм судасны эмгэг, хэм алдагдал, урьдчилан сэргийлэлт, эмэн эмчилгээ, зүрхний дутагдал, зүрх судас, цээжний хөндийн мэс засал, зүрх судсан дотуурх эмчилгээ, сувилахуй зэрэг сэдвүүдийг хамрууллаа. БНСУ-ын Зүрхний Хэм Судлалын Нийгэмлэг; Зүрх судас, Цээжний Хөндийн Мэс Заслын Нийгэмлэгүүдтэй хамтарсан хөтөлбөрүүдийг боловсруулсан нь та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийн Зүрхний Федерацтай хамтарсан артерийн даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх зөв менежмент хийх төлөвлөгөөний бичиг баримт “Roadmap” боловсруулах хуралдаан нь ЗСҮК-2023-ын онцлох хэсгийн нэг юм. Дэлхийн Зүрхний Федерацаас гишүүн орнууддаа тухайн бичиг баримтыг боловсруулахыг уриалж, дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд манай орны хувьд артерийн гипертензи нь цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн тэргүүлэх шалтгаан байсаар байна.  Иймд Монголын Зүрх Судасны Эмч нарын Нийгэмлэгээс артерийн гипертензи өвчний “Roadmap бичиг баримтыг боловсруулах чиглэлд Дэлхийн Зүрхний Федерацтай хамтран ажиллаж эхэлсэн тул хуралдаанд оролцогч хүн нэг бүрийн санал зөвлөмж туйлын чухал болно.

Монголын Зүрх Судас, Цээжний Хөндийн Мэс Заслын Нийгэмлэг, Зүрх Судсан Дотуурх Мэс Заслын Эмч нарын Нийгэмлэг, Сувилахуйн мэргэжлийн чиглэлийн дагуу зэргэлдээх хуралдааныг зохион байгуулж, хамтран ажилласан нь конференцийн цар хүрээг өргөжүүлж, салбар бүрт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, мөн харилцаа холбоо нөхөрлөлийн хүрээгээ тэлэх, өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаад тус мэргэжлийн нийгэмлэгүүдэд гүн талархал илэрхийлж байна.

Илтгэгч, хурлын дарга нар, чиглүүлэгчид, хурлын хөтөлбөрийг бодит болгодог оролцогчиддоо зохион байгуулах багийн өмнөөс гүн талархал илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Та бүхэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Зүрх Судасны Үндэсний Конференцэд идэвхтэй оролцож шинэ, шинэлэг мэдээлэл солилцон, мэдлэгийн хүрээгээ тэлэн, цаашдын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ илэрхийлж, хамтран ажиллахыг уриалж байна.

Хүндэтгэсэн:

Монголын Зүрх Судасны Эмч нарын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, Зүрх Судасны Үндэсний Төвийн дарга

Анагаах ухааны магистр, клиникийн профессор, FAPSC, FESC      

Х.Мөнгөн-Өлзий

Эрхэм хүндэт зүрх судасны салбарын эмч, мэргэжилтэн та бүхэнтэй
2023 оны 9 сарын 22, 23-ны өдрүүдэд Зүрх судасны үндэсний конференц 2023-р уулзацгаая.