“ASIAN PACIFIC SOCIETY OF CARDIOLOGY (APSC) EMERGING LEADERS SCHOLARSHIP PROGRAM-2024” ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Ази Номхон далайн орнуудад зүрх судас судлалын салбарт ахиц дэвшил гарган манлайлах дараагийн үеийн удирдагчдыг хөгжүүлэх нь APSC-ийн чухал зорилт болдог.
APSC Emerging Leaders хөтөлбөрийг 2017 онд санаачилсан бөгөөд тус тусын улс оронд хэрэгжүүлж буй зүрх судасны өвчлөлийн менежментийн талаар харилцан ярилцаж, сайжруулах чиглэлд ажилладаг тууштай, авьяаслаг, шинээр гарч ирж буй эмч, удирдагчдад зориулсан платформ юм.
Хөтөлбөрийн хувьд тухайн улс орноос сонгогдсон шинээр гарч ирж буй удирдагч бүр улс орондоо тулгарч буй сорилтуудын талаар танилцуулга бэлдэж эдгээр сорилттой тэмцэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаж, шийдэл, үр дүнгийн талаар оюун санааны довтолгоо хийж, харилцан санал солилцох боломж бүрддэг.
Манай орны хувьд “Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэг” нь энэхүү хөтөлбөрт идэвхтэй хамтран оролцож байна. Үүнд:
- 2017 онд Х.Мөнгөн-Өлзий (УГТЭ, клиникийн профессор, анагаах ухааны магистр)
- 2018 онд Ч.Гэрэлтуяа (Интермэд эмнэлэг, клиникийн профессор, анагаах ухааны магистр)
- 2019 онд Ө.Ганчимэг (УГТЭ, тэргүүлэх зэрэгтэй, анагаах ухааны магистр)
- 2023 онд Л.Эрдэнэхүү (УХТЭ, тэргүүлэх зэрэгтэй) эмч нар тус тус хамрагдсан байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар зүрх судасны өвчний талаар судалгаа шинжилгээг Ази Номхон далайн бүс нутгийн улс орны эрдэмтэдтэй хамтран хийх, анагаах ухааны практикийг хөгжүүлэхэд харилцаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагаа, мэргэжлийн хөгжилд хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.
2023 оны хөтөлбөр нь Вьетнам улсын Ханой хотод зохион байгуулагдсан бөгөөд чиглүүлэгч профессорууд дараах сэдвээр илтгэл тавьсан.
- 21-р зуунд зүрх судас судлалын салбар, бид хаашаа явах вэ? (M.Komajda, Paris FR)
- Илүү сайн ирээдүйг бүтээх зорилгоо хэрэгжүүлэх цаг нь болсон уу? (D.Mungunchimeg, Ulan Bator MN)
- Үр дүнтэй дасгалжуулалт (C.K.Ching, Singapore SG)
- Итгэлцэл, харилцаа холбоо, багаар ажиллах нь (K.W.Park, Seoul, KR)
- Хөгжлийн чиг хандлагын талаар санал бодлоо хуваалцах нь (H.Lam, Hong Kong HK)
- Маргаашийн зүрх судасны эмч-ESC-ийн төлөөлөгч (S.Castelleti, Rome IT)
2024 оны “Asian Pacific Society of Cardiology Emerging Leaders Scholarship Program” 2 сарын 28-аас 3 сарын 2-ны хооронд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдах бөгөөд Монгол улсаас 1 эмч оролцох боломжтой юм. Уг хөтөлбөрт хамрагдах болзол хангасан эмч бүрэн тэтгэлэгт хамрагдах тул сонгон шалгаруулалтад идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Бүрдүүлэх материал, шалгуур үзүүлэлт:
- Зүрх судасны эмч мэргэжилтэй байх.
- “Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэг”-ийн гишүүн байх.
- 40 нас хүрээгүй байх.
- СV бичиж ирүүлэх.
- Артерийн гипертензийн өнөөгийн байдал сэдвээр дараах агуулгын хүрээнд 5 слайд танилцуулга бэлдэх. Үүнд:
- Манай улсад цусны даралт ихсэлт нь ноцтой асуудал болох нь.
- Эдгээр асуудлууд, бидэнд тулгарч буй бэрхшээлийг зохицуулах талаар хийгдэж буй ажил, хөтөлбөрүүд.
- Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдэл?
- APSC-ээс авах дэмжлэг?
- Дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Материалыг 2023.08.08 дотор info@cardiosociety.mn дараах цахим шуудангаар хүлээн авна.
No comment yet, add your voice below!